Цагдаагийн байгууллагын мэдэгдэл, шаардлагыг биелүүлж ажиллахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-24 12:21:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар Шинэ жилийн баяртай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг гудамж, талбай бусад газарт осгож хөлдөхөөс сэргийлэх зорилгоор хамтран өргөтгөсөн болон иргэдийн нийтийн эргүүл зохион байгуулж байна.

Мөн энэ өдрүүдэд аймгийн хэмжээнд албан байгууллагууд баяр ёслолыг өргөнөөр тэмдэглэж байгаа тул сэрэмжлүүлэг гаргажээ.

Уг сэрэмжлүүлэгт, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос сэргийлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ хулгайд эд зүйлээ алдах, гээгдүүлж үрэгдүүлэхээс болгоомжлохыг анхааруулжээ.

Түүнчлэн архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд аймгийн Засаг даргаас тогтоосон цагийн хуваарь, хязгаарлалт, цагдаагийн байгууллагаас хүргүүлсэн мэдэгдэл, шаардлагыг биелүүлж ажиллах, гудамж талбай, олон нийтийн болон бусад газарт ухаангүй унасан хүний талаар нэн яаралтай цагдаа болон эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх, шаардлагатай тохиолдолд иргэний үүргээ биелүүлж хамгаалах арга хэмжээг авахыг уриалсан байна.

相关新闻