Чандмань суманд сургууль, дотуур байрыг ашиглалтад оруулав
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Чандмань суманд 320 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр ашиглалтад орлоо.
Чандмань сумын сургууль 1970 онд баригдаж байсан бөгөөд насжилт хэтэрч, шинэ сургууль бариулах талаар 10 гаруй жил дамнан төр засгийн түвшинд уламжилж байсан хэдий ч шийдэлд хүрч чадаагүй удсан ч ийнхүү улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болсондоо баяртай байна хэмээн сургуулийн захирал Ц.Жүгдэрнамжил хэллээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч, сурагч хүүхдүүд тохилог орчинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч хүчин чармайлт гаргасан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гишүүнд сумынхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье хэмээлээ.
Түүнчлэн шинэхэн сургуулийн дэргэд улсын төсвийн 950 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн дотуур байр барьж, ашиглалтад орууллаа. Сурагчдын хоёрдогч гэрээс өөрцгүй эрүүл, аюулгүй, тав тухтай, гал тогоо, орчны гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламжийг шийдсэн 100 хүүхдийн дотуур байрны бүтээн байгуулалтын ажлыг “Жак стоун” ХХК гүйцэтгэжээ.







