Тооллогыг мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 7 хоногийн турш явуулна. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн хэмжээнд тооллогыг зохион байгуулах комиссыг байгуулан ажиллаж байна.
Тус тооллогын комиссын ээлжит хурал энэ сарын 17-нд боллоо. Хурлаар аймгийн Статистикийн хэлтсийн дарга, тооллогын комиссын нарийн бичгийн дарга О.Түмэнжаргал тооллоготой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг комиссын гишүүдэд өгч, тооллогыг үр дүнтэй, өндөр зохион байгуулалттай явуулах талаар харилцан санал солилцсон юм.
“Энэ удаагийн тооллогыг мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар зохион байгуулна. Тодруулбал, “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээлэл”-д тулгуурлан явуулж, нийт хүн амын 10 хувьд түүврийн аргаар зохион байгуулна” хэмээн тэрээр хэллээ. Иймд айл, өрх иргэн бүр харьяа сум багийнхаа даргад хандаж, хүн ам, өрхийн мэдээллээ хянан баталгаажуулснаар иргэн, айл өрхийн үнэн бодит тоо гарна. Хүн ам, өрхийн мэдээллээ үнэн зөвөөр бүртгүүлснээр төрийн үйлчилгээг саад бэрхшээлгүйгээр авах, төрийн архиваас өрхийн гишүүд тус бүрээр үнэн зөв лавлагаа гаргуулах боломжууд нэмэгдэх юм.