Хувийн хэвшлийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдаа, үйлчилгээний төвүүд барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-18 18:49:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд Өвөрхангай аймагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар худалдаа, үйлчилгээний томоохон төвүүд ашиглалтад орлоо.

Орон нутгаас дэд бүтцэд холбогдох боломжтой газрыг шийдэж өгснөөр “Номин” сүлжээ дэлгүүр Арвайхээрт шинэ салбараа нээж, 28 хүнийг ажлын байраар хангасан бол “Жем-Интернэшнл” группийн харьяа, “Хужирт Тур” ХХК-ийн “Хан Хужирт” цогцолборыг Хужирт суманд байгуулж, 99 хүнийг ажлын байраар хангасан. Мөн “Мөнх арц Богд” ХХК-ийн 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3400 м2 талбай бүхий хоногт 52 зочин хүлээн авах буудал, 200 суудалтай зоогийн газар, тоглоомын төв, караоке, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний төвтэй “Богд” цогцолбор ашиглалтад орж, 40 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна.

Аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилд хувийн хэвшлийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдаа, үйлчилгээний төвүүд барьж, орон нутгаас 70 гаруй иргэнийг ажлын байраар хангаад байгаа аж.

相关新闻