Суманд "Монгол эр хүний үнэ цэн" эрэгтэйчүүдийн чуулга уулзалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын ИТХ-аас "Монгол эр хүний үнэ цэн" эрэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд сумын 4800 гаруй эрэгтэйчүүдийн төлөөлөл болж 300 эрэгтэйчүүд оролцсон юм.
Чуулганаар нийгэмд төдийлөн яригддаггүй эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал, гэр бүлд гүйцэтгэх үүрэг оролцоо, хөдөлмөр эрхлэх боломж, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, архины хамаарал зэрэг тулгамдаж буй асуудлыг ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Лектор Г.Бандицэрэн "Монгол эр хүний үнэ цэн", "Гэр бүлийн үнэ цэн" сэдвээр лекц уншсан нь олон эрчүүдийн сэтгэлд гэрэл асааж, амьдралд эерэг өөрчлөлт авчрах оюуны томоохон хөрөнгө оруулалт болов.
Энэ үеэр ХАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй малчин Д.Ганхуяг, АА бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бусаддаа зөв үлгэр дуурайлал болж буй Т,Самданшарав, Ш.Жаргалсайхан нарыг шагнан урамшууллаа. Чуулга уулзалтыг тус сумаас төрөн гарсан, улс, аймгийн аварга малчид ивээн тэтгэжээ.