ОНХС-гаас 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймагт ирэх онд орон нутгийн хөгжлийн сангаас 3,8 тэрбум төгрөгийн төсөл,
арга хэмжээг санхүүжүүлэхээр болжээ. Хөрөнгө оруулалтад бараг хоёр тэрбум
төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр,
аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймаг, сумын удирдлага, төсвийн шууд захирагч нараас
ирүүлсэн хөрөнгө оруулалтын саналыг ач холбогдлоор нь эрэмбэлэн аймгийн орон
нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын гурван
төсөлд 861.2 сая, ирэх онд шинээр эхлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн 12
арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1,1 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн гэж аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн С.Цэдэнлхам
ярилаа.
Тэшиг сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл, Орхон сумын
спорт заалны барилга барих, Могод сумын эрүүл мэндийн төвийн барилгад засвар
хийх ажил 2019-2020 онд дамжин хэрэгжих юм байна. Харин ирэх жилийн орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ нь
ихэвчлэн нийгмийн салбарын барилгын засварын ажил юм.