Энэ жил 65 удаагийн гамшиг ослын мэдээлэл иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-17 22:40:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газарт 2019 онд 65 удаагийн аюулт үзэгдлийн мэдээлэл ирж, хариу арга хэмжээг авч ажиллалаа гэж тус газраас мэдээллээ. Аюулт үзэгдлийн 73,8 хувь нь гал, усны гашуун зовлонд учирсан тохиолдол байжээ.

Объектын гал түймрийн мэдээ дуудлага 29 удаа гарч, төр, аж ахуйн нэгж, иргэний мөн тооны объект галд өртсөн 1 хүний амь нас хохирч, 300 сая төгрөгийн хохирол учирчээ. Онцгой байдлын албан хаагчид гал түймрийн аюулаас 5 хүний амь нас, 660.5 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Ой, хээрийн гал түймэр 11 удаа гарч ойн 7600 га, хээрийн 938.4 га талбай шатаж 1.04 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирчээ.

Үерийн аюул, гол усанд осолдсон дуудлага 7 удаа бүртгэгдэж 1 хүүхэд нас барж, 103 толгой мал хорогдсон байна. Гамшиг, ослын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 21,4 хувиар буурсан гэж аймгийн Онцгой байдлын газрын ажилтан, дэслэгч Т.Оюунбилэг мэдээллээ.

相关新闻