Австралийн Элчин сайд Өвөрхангай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-18 12:29:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн тус аймагт 12 дугаар сарын 17, 18-ны өдөр ажлын айлчлал хийж байна. Ноён Дэйв Воусэнийг аймгийн Засаг дарга Г.Ганболд тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Хоёр тал цаашид аль салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгаад санал нэгдсэн юм. Тиймээс Австрали улсын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй тусламжийн төслүүдээс хөрөнгө оруулах боломжтойг Элчин сайд хэлж байлаа. Тэрбээр Монгол орны түүх, соёл, аялал жуулчлалын гол бүс нутаг болох Өвөрхангай аймагт ажлын айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарт адил зүйл олон байгааг онцолж, эдийн засгийн хөдөлгүүр, хөгжлийн эх үүсвэр хэмээн нэрийдэж байв.

Элчин сайд Дэйв Воусэн Өвөрхангай аймагт хийх айлчлалын хугацаандаа Австрали улсын Элчин сайдын яамны жижиг төслөөс буцалтгүй тусламж авсан хоршоодын үйл ажиллагаа болон аймгийн ноосны үйлдвэр, махны үйлдвэртэй танилцах юм. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Мэргэд лаборатори сургууль, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаар орж, уулзалт хийнэ.

相关新闻