З.Энхболд:Дэлхийн хамгийн том ардчилсан улс Энэтхэгээс суралцах зүйл их бий

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-19 13:53:07

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан, УИХ-ын дарга З.Энхболд нар хоёр орны хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн өмнө хоёр орны парламентын дарга нар Монгол Улсын Их Хурал, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Парламент хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол, Энэтхэг хоёр улс нь олон улсын болон бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд амжилттай хамтран ажиллаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэн цаашид ч мэдээлэл солилцож зөвлөлдөх, харилцан биенээ дэмжиж ажиллахын нотолгоо болох юм.

Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Анууп Мишра нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын гишүүн Ражендра Агравал, Хат.Ренука Бутта, Др.Хийна Вижайкумар Гавит, Ражяа Сабхагийн гишүүн Шантарам Найк, Кишан Чанд Тяаги,  БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош болон албаны бусад хүмүүс байлцсан юм.

Хэвлэлийнхэнд зориулсан мэдээллийн эхэнд хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь УИХ-ын дарга З.Энхболдод талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр орны байнгын харилцан айлчлалд нэгэн шинэ хуудас нээж байна гэв. Мөн “Энэтхэг, Монгол хоёр орны түүхэн харилцаа орчин үеийн харилцан өндөр түвшний айлчлалаар улам баяжиж байна. Үүний нэг тод илрэл нь Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан явдал юм. Өнөөдөр манай хоёр орны харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн.  

УИХ-ын дарга З.Энхболдтой хийсэн хэлэлцээний үеэр олон асуудлыг хөндөж, харилцан санал солилцож хэлэлцлээ. Энэтхэг улсын эдийн засаг хурдацтай өсч байгаа. Монголын парламент, бизнес эрхлэгчид энэхүү эдийн засгийн өсөлтийг харилцан ашигтайгаар ашиглах хэрэгтэй. Мөн Энэтхэг бол хамгийн том ардчилсан орон. Бид ардчиллын урт хугацааны туршлага хуримтлуулсан. Энэхүү туршлага нь төлөөллийн ардчилал, ардчиллын институт хэлбэрээр хуримтлагдсан. Бид энэ туршлагаа Монгол Улстай харамгүй хуваалцах хүсэл эрмэлзэлтэй ирсэн. Энэ үүднээс үйл явцыг хурдасгах зорилготой Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн АСЕП-ийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулж байгаад танай улсад амжилт хүсье” гэлээ.

 УИХ-ын дарга З.Энхболд мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Монголын ард түмний эв санааны хөрш Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабха-гийн даргын айлчлал амжилттай үргэлжилж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь “Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцааг 2015 онд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж зарласнаас хойш хийгдэж буйгаараа онцлог. Гуравдагч хөрш Энэтхэг улстай харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм. Айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг олон улс, бүс нутгийн хэмжээнд ойртуулахаар санал солилцлоо. Айлчлалын зорилго нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, өндөр түвшний харилцан айлчлалын залгамж чанар, давтамжийг үргэлжлүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр орны хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүллээ. Мөн олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааны уламжлалаа улам урагшлуулан, цаашид ч улам өргөжүүлэхээ амлалаа” гэсэн юм.

Үүний дараа хоёр орны парламентын дарга нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

МҮОНТВ: БНЭУ-аас Монгол Улсад олгох 1 тэрбум ам.долларын зээлийн нөхцөл, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлнэ үү?

Хатагтай Сумитра Махажан: Өнгөрсөн 2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад айлчлах үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл олгох хэлэлцээр байгуулсан. Энэ зээл нь анх удаа хийгдэж байгаа хөгжлийн, дэд бүтцийн, хүний хөгжлийн, институцийн хөгжилд зориулагдана. Зээлийн хэлэлцээртэй холбоотой журам нөхцлийг холбогдох хоёр орны холбогдох албан тушаалтнууд хэлэлцэх гэрээ байгуулах ёстой. Энэ гэрээ ирэх сард явагдана гэж найдаж байна.

“UBS” телевиз: Хоёр орны парламентын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?    

Хатагтай Сумитра Махажан: Манай хоёр орон түүхэн урт хугацааны турш нөхөрсөг, найрсаг, бие, биедээ элгэмсэг хандаж ирсэн. Үүний дотор сэтгэл оюун санааны хөршүүд гэж үздэг. Хоёулаа ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлдэг орон. Хууль тогтоох байгууллагуудын харилцаа харилцан бие, биедээ тустай хамтын ажиллагааг явуулж байгаа. Зөвхөн хоёр талдаа бус олон улсын түвшинд энэ харилцаа илэрхийлэгдэж байдаг. Хууль тогтоох байгууллагуудын хооронд харилцан айлчлал байнга явж ирсэн. Үүний үр дүнд гарсан нэг тод жишээ нь хоёр орны хууль тогтоох байгууллагын болон Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, протокол байгуулсан явдал. Энэ нь найрсаг харилцаа дөнгөж үүсч буй бус хууль тогтоох үйл явц, үе шатанд харилцан туслалцах шатанд ирснийг харуулж байна. Хууль тогтоох үйл явцад харилцан туршлага сорилцох зүйлс их бий.

УИХ-ын дарга З.Энхболд: Хоёр орны харилцан айлчлал зөвхөн хууль тогтоох байгууллагаар хязгаарлагдахгүй, эдийн засаг гэх мэт бусад олон салбарт хувь нэмрээ оруулж ирсэн. Энэтхэг улсын эдийн засаг хамгийн хурдацтай хөгжиж байгаа бөгөөд цаашид ч энэ нь хадгалагдах төлөвтэй байна. Энэтхэг улсын байр суурь дэлхий дахинд болон бүс нутагт цаашид ч улам өсөн нэмэгдэж байгаад баяр хүргээд бүс нутагт болон олон улсын тавцанд бие, биенээ харилцан дэмжиж харилцан тусалж ирсэн уламжлалтай. Танай улсын эдийн засгийн өсөлтөөс Монголын Засгийн газар, бизнесменүүд хуваалцах боломж олгосонд баярлаж байна.

МОНЦАМЭ агентлаг: Айлчлалын хүрээнд хийгдэж буй хэлэлцээнээс гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?

УИХ-ын дарга З.Энхболд: Хэлэлцээнээс гарах үр дүн их. Дэлхийн хамгийн том ардчилсан улс Энэтхэгээс суралцах хэрэгцээ бидэнд байгаа. Хэдэн зуун сая хүний саналыг авч тоолоод сонгуулиа хэвийн явуулдаг зэргээс эхлээд Энэтхэгийн туршлагаас суралцах хэрэгцээ Монголын ардчилалд их байгаа. Зөвхөн энэ долоо хоногт гэхэд гурван байнгын хороо БНЭУ-ын Засгийн газраас олгох 1 тэрбум ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг хэлэлцэж дууссаны дараа Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэг Улсад энэ сарын сүүлчээр айлчлал хийхээр төлөвлөж байгаа. Энэ зээлийг дэд бүтцийн салбарт түлхүү олгоно.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻