“Boeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-12 13:23:52
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газар “Boeing” компанийн “737 MAX” загварын нисэх онгоцны нислэгийг эхлүүлэх хугацааг хараахан товлох боломжгүй байна.


“737 Max” нисэх онгоцыг үйлчилгээнд оруулахад аюулгүй байдлын асуудлуудыг зохицуулж, онгоцыг аюулгүй ажиллуулахын тулд нисгэгч нарыг шаардлагатай бүх сургалтад хамруулах ёстой. Энэ үйл явцыг тодорхой цаг хугацаагаар товлох боломжгүй” гэж АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газрын дарга Стив Диксон лхагва гарагт Төлөөлөгчдийн танхимын Тээврийн байнгын хорооны хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Boeing” компанийн уг загварын нисэх онгоц таван сарын дотор хоёр удаа осолдож, нийт 346 хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газар гуравдугаар сараас “737 Max” загварын бүх нислэгийг цуцалсан юм.


2020 оны нэгдүгээр сараас нислэгээ дахин эхлүүлэх зөвшөөрөл хүлээж байна гэж “Boeing” компанийн удирдлагууд өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Энэхүү тодорхойгүй байдал нь цаашид тус компанийн орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

相关新闻