Нэгдсэн эмнэлэг орчин үеийн эхо аппараттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Эрүүл мэнд - Биеийн тамир, спортыг дэмжих” төсөл хөтөлбөрийн хүрээнд “Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гаас гадаадаар аялах /60 сая төгрөг/ шагналын сан бүхий гар бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар байсан ч тодорхой шалтгааны улмаас тус ажлыг цуцалжээ. Ийнхүү тус тэмцээний шагналын сан болох 60 сая төгрөгөөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа орчин үеийн эхо аппарат худалдан авч гардуулан өгсөн байна.
Тус сангийн жилийн ажлын төлөвлөгөөнд багтсан дээрх тэмцээний удирдамжийг 11 дүгээр сарын 14-ний өдөр баталж, олон нийтэд зарлан бүртгэл эхэлсэн ч нэр бүхий ТББ 12 дугаар сарын 01-ний өдрөөр удирдамж батлан гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах болсон төдийгүй тэмцээн болох өдрийг давхцуулснаас сангийн нэрэмжит тэмцээнийг цуцалжээ. Сангийн зүгээс шагналын сангаа нийлүүлж хамтран зохион байгуулах, мөн удирдамж гарсан огноогоороо хугацаа давхцуулалгүйгээр тус тусдаа ээлж дараагаар зохион байгуулах саналыг тавьсан боловч шийдэлд хүрээгүй байна.
Энэ нь тамирчдыг талцуулах, ард иргэдийнхээ дунд хагарал үүсгэх зэргээр тэмцээний ач холбогдлыг бууруулж буй тул хэн нэгнийг хохироохгүй байх үүднээс хүндэтгэлтэй хандаж тэмцээнээ цуцалсан гэдгээ "Баянхонгор хөгжлийн төлөө сан" тайлбарлалаа. Мөн цаашид тус сангаас аймгийнхаа иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн хөгжилд чиглэсэн ажлуудыг шат дараатай төлөвлөгөөний дагуу хийж, хүний хөгжлийг дэмжиж ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.