Дөрөвдүгээр сургууль стандартын шаардлага хангасан хүүхдийн тоглоомын талбай байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Дашдоржийн нэрэмжит Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль Америк стандартын хүүхдийн тоглоомын талбай байгуулж байна.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн жишигт нийцсэн аюулгүй, 11 хүртэлх насны хүүхдийн сэтгэхүйд тохирсон тоглоомын талбайг орон нутгийн сангийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 10.0 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ.
Тоглоомын талбай байгуулснаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ агаарт гаргах, хүүхдүүд сургуулийн орчинд аюулгүй, ая тухтай тоглож чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломж бүрдүүллээ хэмээн тус сургуулийн захиргаанаас мэдээлэв. Талбайн тоглоомыг худалдан авахад Говь-Алтай аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олон дэмжлэг үзүүлсэн байна.