Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МАДРИД. /TASS/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын бага хурал /COP-25/ Испанийн нийслэл Мадрид хотод өнөөдөр эхэлж байна. Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны улмаас Чилид зохион байгуулах боломжгүй болсон уг бага хурал 12 дугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 25 дахь удаагийн бага хурлын албан ёсны нээлтийн ажиллагаа орон нутгийн цагаар 10 цаг 30 минутад Мадрид хотын “Ifema” үзэсгэлэнгийн цогцолборт болно. Энэхүү арга хэмжээнд Испанийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчес, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар оролцох төлөвтэй байна.
Бага хурал эхлэхийн өмнө Педро Санчес түүнд оролцохоор Мадридад хүрэлцэн ирсэн Европын Холбооны орнуудын төр, засгийн тэргүүн нартай уулзана. Түүнчлэн тэрбээр Латин Америкийн орнуудын удирдагчидтай үдээс хойш уулзахаар товложээ. НҮБ-ын бага хурлыг тохиолдуулан Испанийн хаан VI Филипп гэргий Летисиягийн хамт зохион байгуулах хүлээн авалт оройн 18 цаг 30 минутад эхлэх аж.
Уг бага хурлыг эхлээд Бразил улсад явуулахаар төлөвлөж байсан боловч тус улсын эрх баригчид Засгийн газар солигдсон болон санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор зохион байгуулахаас татгалзсан байна. Бага хурлыг зохион байгуулах үүргийг Чили улс хүлээсэн боловч явуулж чадаагүй юм. Чилийн Засгийн газрын нийгмийн бодлогыг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор дэгдсэн үймээн самууныг зогсоож, нийгэмд дэг журам тогтооход бүх анхаарлаа төвлөрүүлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Уур амьсгалын асуудлаарх бага хурлыг цуцлахаар болсныг тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера 10 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор бага хурлыг Мадрид хотод шилжүүлсэн бөгөөд хэдийгээр Испанид болж байгаа боловч Чили улс даргалан явуулна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өмнөх 24 дүгээр бага хурал Польшийн Катовице хотод болсон билээ. Уг чуулганы гол зорилго нь 2015 онын Парисын гэрээг хэрэгжүүлэх замын зураг болох баримт бичгийг батлах байв.
Энэ жилийн бага хуралд 190 гаруй орны төлөөлөгчид, түүний дотор ЕХ-ны 15 улсын Ерөнхий сайд, Аргентиний Ерөнхийлөгч Маурисио Макри, Эквадорын төрийн тэргүүн Ленин Морено нар оролцоно. Чилийн Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад ирж чадаагүй байна. Харин Парисын гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлсэн АНУ-аас тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тэргүүтэй төлөөлөгчид оролцох аж.
Үүнээс гадна, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын янз бүрийн байгууллагын төлөөлөгчид энэ өдрүүдэд Мадридад хүрэлцэн ирнэ. Түүнчлэн Шведийн залуу идэвхтэн Грета Тунберг COP-25-т оролцох төлөвтэй байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд оролцохоор АНУ-аас хос биетэй завиар Европыг зорьжээ.
Энэ жилийн бага хуралд 25 мянга орчим хүн оролцох төлөвтэй байгаа бөгөөд “Ажиллаж хийх цаг” уриан дор зохион байгуулна. Европ болон дэлхийн хэмжээнд уур амьсгал, байгаль орчны онц байдал зарласан тогтоолыг Европын парламент COP-25-ыг зохион байгуулахын өмнө баталжээ.
Энэ удаагийн бага хурлын гол зорилго нь Парисын гэрээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд шийдэгдээгүй асуудлуудыг дахин хэлэлцэх юм. Үүнээс гадна, уур амьсгалын салбарт илүү даацтай үүрэг амлалт хүлээх санаачилгыг идэвхжүүлэх зорилготой ажээ. Улс орнууд шинэчилсэн үндэсний төлөвлөгөөгөө 2020 онд танилцуулах төлөвтэй байна.