Залуучуудын бүсийн чуулган Увс аймгаас эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Залуучуудын холбоо, НҮБ-ын Ардчиллын сантай хамтран хэрэгжүүлж буй “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн эхний зорилт болох 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд бүсийн чуулганыг зохион байгуулж эхэллээ.
Увс аймгийн Улаангом хотод эхэлж буй уг чуулганд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн 100 гаруй залуус оролцож байна. Чуулганы зорилго нь УИХ-ын сонгуульд залуучуудын идэвх оролцоог тодорхой хувиар нэмэгдүүлэх, тэдний хүсэл эрмэлзлэлийг төлөөлж чадах сонгуулийн үр дүнг бататгах, залуучуудын үүрэг оролцоог орон нутгийн болон үндэсний шийдвэр гаргах түвшинд дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.
Судалгаагаар 1992 оны сонгуульд санал өгсөн иргэдийн тоо 95.6 хувь байсан бол 2012 оны сонгуулиар 67.3 хувь болж буурсан. Үүнээс 18-25 насны залуучууд хамгийн бага хувь буюу дөнгөж 10 гаруй хувь нь санал өгчээ. Иймд залуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах, хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх, идэвхтэй иргэн байхад уриалах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа аж.
Чуулганы үеэр тодорхой сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнөж сонгогчдын боловсрол, иргэний оролцоо, эрх үүргийн талаарх сургалтыг зохион байгуулах юм. Мөн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Увс аймгийн ард иргэд, залуучуудтай чөлөөт уулзалт зохион байгуулна.
Б.Туул