"Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид" эрдэм шинжилгээний хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд “Үндсэн хуулийн эхийг баригч - Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээлд болж буй тус хуралд Монгол, АНУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг долоон улсын эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Хурлыг УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, МУИС, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт албан томилолттой байгаа учир түүний илгээлтийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав уншиж танилцуулав. Илгээлтэд, Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Ерөнхийлөгч ёсчлон баталгаажуулсан цаг үетэй давхцаж буйг тэмдэглээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн онцлог, 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж үндэсний зөвшилцлөөр боловсруулсан талаар дурджээ. Мөн Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Б.Чимид агсан “Улс төрийн явцуу бүлэглэлүүдийн албан тушаал, эрх ямбын өрсөлдөөний золиос болсон өөрчлөлтийг жам ёсны хэмээн андуурч хууртагдан, Үндсэн хуулийн үнэт зүйл болсон гол зарчмаасаа хазайхад хүрүүзэй гэж л болгоомжилмоор байдаг юм” гэж хэлснийг марталгүй санаж, мөрдлөг болгосон гэдгийг онцолсон байлаа. Түүнчлэн, "АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, нарийн бичгийн дарга Б.Чимид агсан Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй, Үндсэн хуулийн агуулга, үзэл санааг тайлбарлан таниулах, түүний дархлааг сахин хамгаалахад нэн чухал хувь нэмэр оруулсан нь та бидний эрхэмлэх учиртай үнэт өв мөн” хэмээн дурджээ.
“Чимид” сангийн тэргүүн Ч.Батцогт, “Энэхүү эрдэм шинжилгээний хурал түүний үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготой. Үр хүүхдүүд бидний санаачилгаар, анд нөхөд, эрдэмтэн шавь нарын дэмжлэгтэйгээр 2013 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Ардчилсан нийгмийн байгууллын үнэт зүйл болох Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн байгууллага, улс төрчид, хууль тогтоогчдод, залуу үеийнхэнд хэвшүүлэх, олон нийтийн энэ чиглэлээр соён гэгээрүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор 2010 онд “Чимид” санг байгуулсан” гэлээ. Мөн тэрээр Б.Чимид агсантай хамтран ажиллаж байсан эрдэмтэн судлаачид, анд нөхөд, шавь нарт нь талархал илэрхийлэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан "Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар" сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцууллаа.