Японд газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 28 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНТОКИО. /TASS/. Японы нутгийн баруун өмнөд хэсэгт өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 19 болсон тухай тус улсын Кумамото мужийн Цагдаагийн газар мэдээллээ.
Өнгөрсөн шөнө байгалийн гамшигт дахин хүний амь эрсэдсэнээр сүүлийн хоёр өдөр Японы баруун өмнөд нутагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан нийт хүний тоо 28 болж байгаа юм.
Одоогийн байдлаар 80 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал хүнд байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга яаралтай зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Үүний зэрэгцээ 2000 орчим хүн дунд зэргийн болон хөнгөн гэмтсэн байна.
Өнгөрсөн шөнө Японы баруун өмнөд нутагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Байгалийн гамшиг их хэмжээний уршиг дагуулсан байна. Тус улсын баруун өмнөд нутгийн Кюсю аралд хоёр дахь өдрөө хүчтэй газар хөдөлж байна. Газар хөдлөлт дахин хэд хоног үргэлжилж магадгүй гэж Японы Цаг уурын газар мэдээлжээ.
Байгалийн гамшгийн улмаас илүү хүнд байдал Минамиасо тосгонд үүсчээ. Энд газар хөдлөлтөөс үүдэлтэй хэд хэдэн хүчтэй хөрсний гулгалт болсон байна. Одоогийн байдлаар наад зах нь 11 хүн нурангинд даруулсан бөгөөд тэднийг аврахын тулд аврагчид чадах бүхнээ хийж байна. Минамиасод мөн Куро голын хоёр эргийг холбодог 200 метр өндөр гүүр нуржээ.
Байгалийн гамшигт өртсөн бүс нутагт Японы Өөрийгөө хамгаалах хүчний 800 цэргийг илгээсэн байна.
Д.Жаргал