Цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен цаг үеийн ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
-Хүндхэн өвлийг гарз хохирол багатай даван тууллаа. Мал сүргийн 99,1 хувь нь онд мэнд оров.Төллөвөл зохих эх малын 42 хувь нь буюу 362 мянган толгой мал төллөж, гарсан төлийн 99,8 хувь нь мэнд бойжиж байна. 17 мянган толгой том мал хорогдов. 19 мянган толгой мал хээл хаясны 80 хувь нь Алтанцөгц, Баяннуур, Цэнгэл сумдын ямаа гэж яриад малчид болон орон сууц худалдан авагчдын авсан зээлийн хүүг засгийн зүгээс бууруулсан тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Тус аймгийн 1323 малчинд 1,4 тэрбум төгрөгийн, орон сууцтай болсон 310 иргэнд 12 тэрбум төгрөгийн зээл байдаг юм байна гэлээ.
Мөн засаг дарга энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын тухай дурдсан юм. Тавалдайд Турк Улсын ЗТМ компанийнхан усан цахилгаан станцыг 25 жилийн концессийн гэрээгээр энэ сараас байгуулж эхлэн, хоёр жилийн дотор барих юм.
Жилд 300 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цементийн үйлдвэр БНХАУ-ынхны хүч хөрөнгөөр энэ зун ашиглалтад орно. Ногооннуур, Дэлүүн сумдад концессийн гэрээгээр, Алтай, Сагсайд дотуур байрны барилга баригдах бол аймгийн төвийн цахилгааны шугам уртасч, Сагсайн дөрөв, Улаанхусын тавдугаар багийн төв эрчим хүчний шугамтай холбогдоно. Толбоос Ховдын чиглэлээр хятадын «Хуанжи» компанийн 187 км хар зам тавих ажлын нээлтийн ажиллагаа энэ сарын 18-нд болно. Уг зам ирэх жил ашиглалтад орох юм.
Ш.Айзаря