Элчин сайд Жалгас Адилбаев Баян-Өлгий аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах
Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев энэ
сарын 6-ны өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Элчин сайдыг аймгийн ИТХ-ын дарга
Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар энэ сарын 6-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд Баян-Өлгий аймагт амьдарч байгаа зарим
иргэдийн харьяатын асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахыг хүслээ.
Тухайлбал, өмнө нь Казахстан Улсад нүүж очоод иргэний харьяалалд нь орсон
боловч янз бүрийн шалтгаанаар буцаж ирсэн 160 орчим иргэн байдаг. Тэдний ихэнх
нь Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээх хүсэлтэй байгаа ч бичиг баримтын
зөрчлийн улмаас Казахстан Улсын харьяатаас гарч чадахгүй байгаа аж.
Жалгас Адилбаев дээрх
асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаа
илэрхийллээ.
Түүний хувьд Баян-Өлгий аймагт энэ
сарын 8-ны өдөр хүртэл ажиллах бөгөөд консулын асуудлаар иргэдтэй уулзаж, ерөнхий
боловсролын сургуулиудын үйл ажиллагаа, Казахстан Улсын тусламжаар үерт өртсөн
иргэдэд зориулан барьж байгаа хорооллын барилгын ажлын явцтай танилцах ажээ.