356 малчин өрхийн 200 мянга орчим толгой малыг ээмэгжүүлж бүртгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-05 16:08:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах төсөл”-ийг Бат-Өлзий, Уянга, Баянгол, Гучинс суманд хэрэгжүүлэхээр боллоо. Өнөөдөр төслийн танилцуулга, сургалтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ, аймгийн ЗДТГ, ХХААГ-аас хамтран зохион байгуулсан юм.

Сургалтад НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винонд Ахужа, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй албаны хүмүүс ирж оролцлоо. ХХААХҮ-ийн дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле хэлэхдээ: “Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн ширээнд очих хүртэлх бүх мэдээллийг бүртгэлээр дамжуулан авдаг, хянадаг, мэдээлдэг болохыг зорьж, бодлого, үйл ажиллагааг энэ чиглэлд хандуулж байна. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого, стратегийн зорилтод хүргэхэд бидний хамтын ажиллагаа чухал” хэмээв.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Худалдааны байгууллага, Францын мал аж ахуйн хүрээлэнгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд дээрх 4 сумын 23 багийн 356 малчин өрх айлын 190 мянган толгой малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх юм. Ингэснээр малын гарал үүслийг тодорхойлох, малын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, малын хулгайг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна дэлхийн аль ч улс оронд малаа худалдан борлуулах эрх нээгдэх аж.

相关新闻