“Бизнесийн шинэ боломж” эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-05 11:39:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Монгол хатад гэрэлтүүлэхүй” төрийн бус байгууллага санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Булган аймаг дахь салбар хамтран “Бизнесийн шинэ боломж” сэдэвт эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

-Нийгэмд хүн амын талаас ялимгүй их хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд шийдвэрлэх үүрэгтэй байна. Зах зээл их уян хатан мэдрэмж шаардаж байгаа учраас энэхүү асуудалд эмэгтэйчүүдийн байгууллага оролцоо шаардлагатай юм байна гэж үзсэн. Булган аймгийн хэмжээнд ямар салбарт эмэгтэйчүүд ажиллаж байгааг судалж, шинэ боломж хайж байгаа эмэгтэйчүүдтэй санал солилцож, бизнесийн шинэ боломж байна гэдгийг ойлгосон. Энэ шинэ боломжийг хамтдаа ярилцъя, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө уулзалт зохион байгуулъя гэж шийдсэн гэж “Монгол хатад гэрэлтүүлэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Насандулам ярилаа.

Гарааны бизнесээ амжилттай хөгжүүлж чадсан эмэгтэйчүүдийн сайн туршлага, санаачилгыг сонсож, орон нутгийн эмэгтэйчүүдийг харилцан суралцах боломж олгох, хамтдаа бизнесээ хөгжүүлэх гарцыг бий болгох чиглэлээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болов. Урд өмнө болж байсан томоохон үзэсгэлэн худалдаанаас илүү орлоготой байлаа гэж Хишиг-Өндөр сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Л.Ганчимэг ярив.

Зөвлөлдөх уулзалтаас “Илүү сайхан ирээдүйн төлөө эмэгтэйчүүд манлайллыг түүчээлнэ” уриалга гаргалаа.

相关新闻