АНУ-ын шахалт компанийн ашиг орлогод нөлөөлөхгүй хэмээн “Huawei” мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БАНГКОК. /TASS/.
АНУ Хятадын харилцаа холбооны “Huawei” компанид шахалт үзүүлсэн хэдий ч
компанийн орлого энэ оны сүүлчээр өмнөх оныхтой харьцуулахад ижил түвшинд байна
хэмээн “Huawei” компанийн дэд ерөнхийлөгч Эдвард Жоу Тайландын нийслэл
Бангкок хотноо гурван өдөр үргэлжилсэн Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны
/АСЕАН/ бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.
“БНХАУ, АНУ-ын хооронд худалдааны дайн, технологийн дайн
өрнөөд байгаа билээ. АНУ-ын зүгээс ихээхэн шахалт үзүүлж байгаа хэдий ч бид
ашиг орлогоо хэвийн түвшинд нь байлгаж чадсан. Компанийн орлого 1-9 дүгээр
сарын хугацаанд 85.6 тэрбум ам.долларт хүрч өссөнийг өмнөх үеийнхтэй
харьцуулахад 24.4 хувиар өссөн гэсэн үг юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хамгаалах зорилгоор онц байдал тогтоосон захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 5 дугаар сарын 15-нд гарын үсэг зурсан юм. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Худалдааны яам 5 дугаар сарын 17-нд Хятадын “Huawei” компанийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй субъектуудын хар жагсаалтад оруулсан юм. Энэ шийдвэрийн дараа компани хуулийн хүрээнд арилжааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хэмээн “Huawei” компанийн удирдлага нэг бус удаа мэдэгдсэн байна.