Аймгийн ИТХ-аас Нийтийн сонсгол зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2018, 2019 оны зарцуулалтын тайланг олон нийтэд мэдээлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Нийтийн сонсголыг зохион байгууллаа.
Нийтийн сонсголд аймгийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчдөөс гадна ажиглагчаар 25, оролцогчоор 3 иргэн оролцсон юм. Мөн аймгийн ХХҮГ-ын дарга, мэргэжилтнүүд болон МХГ-аас иргэдийн асуултад хариулахаар дуудагдан оролцлоо.
Өвөрхангай аймагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн орлого 2018 онд 1 тэрбум 587 сая, 2019 онд 1 тэрбум 712 сая төгрөг байсан бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн хоёр төрлийн арга хэмжээнд зарцуулсныг ХХҮГ-ын дарга С.Ундрах тайлагналаа. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ буюу ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилд зуучлах зэрэг арга хэмжээнд нийт төсвийн 2,6 хувийг зарцуулжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд 6 хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд нийт санхүүжилтийн 82.5-86,2 хувийг энэ арга хэмжээнд зарцуулсан байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад үйл ажиллагаанд нийт төсвийн 11-14 хувийг зарцуулжээ.
ХЭДС-гийн 2018, 2019 оны тайлантай холбогдуулж, оролцогчид асуулт асуулаа. Тухайлбал, зээл олголтод иргэдийн хяналт байдаг эсэх, малжуулах сангийн эргэн төлөлт, эмэгтэйчүүдийн болон 35-аас насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх асуултад ХХҮГ-ын дарга С.Ундрах хариулж мэдээлэл өгсөн юм.




