Монголын өрийг тэгэлснээр зээлийн харилцааг хөгжүүлэхэд саадгүй болсон
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улс ОХУ-д төлөх өрөө барагдуулсан нь эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд хүргэх боломж бүрдсэнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын айлчлалын үеэр онцлов.
Монгол Улсад хоёр дахь удаагаа буюу 10 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн үеэр Монгол, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай дунд хугацааны “Иж бүрэн шинэчлэл” баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын дараа Гадаад хэргийн сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын энэ уддаагийн айлчлал хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарахад түлхэц үзүүлнэ гэдгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Миний бие Сергей Викторович Лавровтой хоёр орны улс төрийн харилцаа болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр өөрсдийн гаргасан санаачлагийг дэмжих талаар санал солилцлоо. Мөн эдийн засгийн харилцааны талаар ярилцсан.
Монгол Улсаас ОХУ-д төлөх өрийн асуудлыг саяхан эцэслэн шийдвэрлэж, төлж дууссан. Тийм учраас эдийн засгийн, тэр дундаа зээлийн шинэ харилцаа үүсгэх нөхцөл бүрдэж байна” хэмээв.
Монгол, ОХУ-ын ард түмэн түүхийн хүнд хэцүү үед харилцан нэг нэгнээ дэмжиж ирсэн. Тиймээс ч Монгол Улс ОХУ-ын стратегийн харилцааны сайн түнш юм. Энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров хэллээ.
Мөн тэрбээр, “Хоёр орны төрийн тэргүүн 2014 онд Улаанбаатар хотноо уулзахдаа “Стратегийн хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх баримт бичиг” боловсруулах чиглэл өгсөн. Өнөөдөр бид энэхүү даалгаврыг биелүүлж, гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг бидний харилцааг тэгш хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх болно.
2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол, ОХУ, БНХАУ-ын хоорондын гурван талын хэлэлцээг санаачилсан. Эдүгээ гурван талын ажлын хэсэг “Эдийн засгийн коридор” хэмээх баримт бичгийг боловсруулж байна. Энэ оны зургадугаар сард уг баримт бичигт гарын үсэг зурна гэдэгт итгэлтэй байна" хэмээгээд энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Хоёр орон “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам” болон “Монголросцветмет” хэмээх гурван үйлдвэрийг хамтран байгуулсан. Гэхдээ 1980 оноос хойш эдийн засгийн шинэ төсөл хэрэгжээгүй. Цаашдаа ямар томоохон төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна вэ?
-Сергей Викторович Лавров: Таны дурьдсан гурван төсөл манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс юм. Эдгээр хамтарсан үйлдвэр манай хоёр орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад байгуулагдсан. Одоо бол зах зээлийн эдийн засагт шилжсэн. “Эрдэнэт үйлдвэр-ийн гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ дэлийн зах зээлд уналттай байгаа. Гэхдээ тус үйлдвэр Монголын төсвийн 20 хувийг бүрдүүлдэг хэвээр байна. Өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Бусад орны үндэстэн дамнасан компорациуд Монгол Улсад “Эрдэнэт үйлдвэр”-тэй адил төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах болсон. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал эергээр эргэхэд дэмжлэг болно.
Манайхтай хамтран босгосон үйлдвэрүүд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ажилладаг. Манай зүгээс эдгээр үйлдвэрийг шинэчлэх талаар хэд хэдэн санал, санаачилга дэвшүүлсэн нь бидний эдийн засгийн хамтын ажиллагааг үр ашигтай болгоход түлхэц үзүүлнэ.
-Монголын талаас ОХУ-ын Төрийн Дум өрийн асуудлыг шийдвэрлэсний дараа зээл авах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан. Өнөөдөр болсон хэлэлцээний явцад энэ асуудлыг хөндсөн үү?
-Л.Пүрэвсүрэн: Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд хоёр орон ихээхэн анхаарал хандуулж байгаа. Монгол, ОХУ-ын гадаад худалдааны нийт эргэлт 2015 оны байдлаар 1 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэвч Монгол Улсын экспорт ердөө 67 сая ам.долларыг эзэлж байгаа. Бид гадаад худалдаагаа улам бүр өргөжүүлэх боломжтой. Одоо хоёр орны худалдааг үндэсний валютад шилжүүлэх талаар ярьж байна. Мөн хоёр орны Төв банкууд үндэсний мөнгөн тэмдэгт байгуулах своп хэлцлийн техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан. Монгол Улс өрөө бүрэн барагдуулсан тул шинэ зээл авах талаар ярилцах боломж бүрдсэн. Монгол Улсын Сангийн яам болон бусад албан байгууллагууд энэ талаар судалгаа явуулж, хэлэлцээр хийх болно.
-Сергей Викторович Лавров: Энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын парламент Монголын өрийг цайруулах тухай тогтоол гаргасныг хоёрдугаар сард Ерөнхийлөгч батламжилсан. Ингэснээр зээлийн харилцааг хөгжүүлэхэд саадгүй болсон.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал