АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны улсын нөөцийн систем бодлогын хүүгээ 25 базис пунктээр /1 базис пункт = 0.01 хувь/ бууруулж 1.5-1.75 хувь болгожээ.
Дэлхийн өөрчлөлтүүд эдийн засгийн хэтийн төлөвт нөлөөлж байгаа, мөн инфляцын дарамт намжсантай холбоотойгоор бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан байна.
АНУ-ын санхүүгийн зохицуулагчийн удирдлагын хурлын дараа гаргасан мэдээлэлд тэмдэглэснээр, Холбооны улсын нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны хороо /FOMC/ цаашдаа бодлогын хүүгийн хэлбэлзлийн хугацаа, хэмжээг тодорхойлохдоо, инфляцыг зорилтот 2 хувьд ойртуулах, ажил эрхлэлтийн түвшнийг болон эдийн засгийн өнөөгийн болон хүлээгдэж буй нөхцөл байдлыг үнэлэх аж. Үнэлэлт дүгнэлтэд хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын үзүүлэлт, инфляцын дарамт, инфляцын хүлээлт, санхүүгийн болон олон улсын үйл явдлын талаарх мэдээллийг багтаасан өргөн хүрээний мэдээллүүдийг харгалзан үзнэ.
АНУ-ын Төв банк бодлогын хүүг бууруулах шийдвэрийг энэ жил гурав дахь удаагаа гаргаж байгаа юм. Өмнөх шийдвэрийг ес болон долдугаар сард гаргажээ.