Йемений Батлан хамгаалахын сайд пуужингийн халдлагаас амьд үлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
САНА. /Anadolu/. Йемений Батлан хамгаалахын сайд Мухаммед аль-Макдаши мягмар гарагт Мариб мужид болсон хусит босогчдын пуужингийн халдлагаас амьд үлдсэн гэж цэргийн эх сурвалж мэдээлжээ.
Халдлага Батлан хамгаалах яамыг онилсон байсан бөгөөд тус яаманд М.Макдаши болон Саудын Араб тэргүүтэй эвслийн цэргийн командлагчдын уулзалтыг зохион байгуулж байсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.
Халдлагын үеэр хоёр цэрэг амиа алджээ. Уг халдлагатай холбогдуулан хусит босогчдын бүлэглэл ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа аж.
Лалын шийт урсгалыг шүтдэг хусит босогчид Йемений ихэнх хэсгийг хяналтдаа авсан 2014 оноос хойш тус улсад хүчирхийлэл газар авчээ. Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл хусит босогчдыг ухраах зорилгоор 2015 онд агаарын довтолгоо эхлүүлсний улмаас хямрал улам даамжирсан байна.
НҮБ-ын тооцоолсноор, Йемен улсад үргэлжилж байгаа мөргөлдөөний улмаас олон арван мянган энгийн иргэн амь үрэгдэж, 14 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлээд байгаа аж.