Т.Аймөлдир: Ард түмний маань бахархал болсон хобыз хөгжмийг таниулан сурталчлахыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-30 12:11:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний үндэсний хөгжмийн зэмсэг болох хобыз /хуур/-ыг хөгжүүлэх, сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин Т.Аймөлдиртэй цөөн хором ярилцлаа.  


- Анх хөгжмийн урлагт хөл тавьсан түүхээ уншигчидтай хуваалцахгүй юу?

- Миний бие 2008 онд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хөгжмийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд аймгийн Хөгжимт драмын театрт Б.Хайрол, Х.Ластай нарын хөгжимчдөд дагалдангаар ороод анх хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Энэ жил 13 дахь жилдээ хөгжимчнөөр ажиллаж байна.

- Урлагийн салбарт хөл тавихад юу нөлөөлсөн вэ?

- Би дөрвөн насандаа домборыг хэрхэн тоглохыг ааваасаа сурсан. Зургаан наснаасаа уралдаан тэмцээнүүдэд оролцож эхэлсэн дээ. Аав, ээж маань хоёулаа урлагийн хүн байсан нь энэ салбарт ороход минь нөлөөлсөн гэж боддог.

- Хобыз хөгжмийн гарал үүслийн талаар ярихгүй юу?

- Хобыз нь өнө удаан жилийн түүхтэй бөгөөд аль эрт VI, VII  зуунд өргөн дэлгэрч байсан гэж судлаачид үздэг. Цуу билэгт Хорхыт өвөө хобызыг анх бүтээж, тухайн үеийн нийгмийн амьдрал, ард түмнийхээ уй гашуу, зовлонг  хөгжмийн ая болгон эгшиглүүлж байсан тухай домог байдаг. Хобызыг дотроо "хыл хобыз" /чавхдасыг нь морины сүүлээр хийсэн хуур/, "прима хобыз" хэмээн ангилдаг. Хыл хобыз нь Монголын ард түмний морин хууртай ихэнх талаараа төстэй байдаг. Дууны цар хүрээнээс хамааран "си", "ля", "соль", "ре" нотоор хөглөнө. Казахстаны хөгжим судлаач эрдэмтэн А.Жубанов уламжлалт хобызд өөрчлөлт оруулж, дууны багтаамжийг нь өргөсгөж, орчин үеийн хэв маягт оруулан прима хобызыг бүтээж байжээ.


- Хобыз хөгжмөөр ямар ая тогловол тохиромжтой вэ?

- Ардын аянуудаас гадна гадаад, дотоодын орчин үеийн хөгжмийн бүтээлүүдийг тоглох бүрэн боломжтой.

- Одоо таны урлагийн санд хэдэн бүтээл байна?

- Найрал хөгжмийн чуулгатай хамтран 300 орчим бүтээл тоглож байгаа. Харин хувийн урлагийн сандаа 10 гаруй зохиол байдаг. Түүний дотор аавын маань зохиосон "Сыргалы нутаг" /Сыргалы мекен/, "Алтайн өвөрт" /Алтай аясында/, "Төрсөн нутаг" /Туган жер/ зэрэг аялгуунууд байна. Яг одоо калмык ардын "Ээжээмээ" хэмээх ээжийн тухай аяыг эстрад хөгжимтэй хослуулан тоглохоор ажиллаж байна.

- Энэ ташрамд аавынхаа талаар товч дурдахгүй юу?

- Манай аавыг А.Тилеген гэдэг. Амьд сэрүүн байхдаа театрын үндэсний найрал хөгжмийн чуулгад зориулж 300 гаруй зохиолыг найруулж байжээ. Мөн хувиараа 40 орчим хөгжмийн аялгуу, 15 дууны ая зохиосон хүн. Бүжгийн ая ч бичсэн. Түүнээс гадна цагтаа 400 орчим хүүхдийг домбор тоглож сургасан гавьяатай хүн юм. М.Естай, Б.Хайрол зэрэг олон шавь нь аймгийн Хөгжимт драмын театрт одоог хүртэл ажиллаж байна.  

- Хобыз хөгжмийг өөр ямар хөгжмийн зэмсэгтэй хослуулан тоглож болох вэ?

- Хобызын ая эгшиг домбор, төгөлдөр хуур, эстрад хөгжимтэй сайн зохицоно.

- Хобыз хөгжим ямар бүтэцтэй байдаг вэ?

- Бүтцийн хувьд чавхдас, дээд, доод тэвх, иш, чих, нум, сойлт, цар зэргээс бүрдэнэ. Их биеийг нь хус модоор, царыг нь могойн арьсаар, чавхдасыг нь морины сүүлээр, сойлтыг нь баавгайн хумсаар хийдэг. Гэхдээ манай аймагт хобыз хийдэг мужаан бараг байхгүй, Казахстан Улсаас захиалгаар авна.     

- Таны цаашдын зорилго юу вэ?

- Ойрын хугацаанд "Сыргалы нутаг", "Нутгийн айлууд" зэрэг хэд хэдэн хобызын аянд клип гаргахаар ажиллаж байна. Мөн 2020 онд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх төлөвлөгөө байгаа. Хамгийн гол нь өнө эртний түүхтэй, ард түмний маань бахархал болсон хобыз хөгжмийг таниулан сурталчлахыг зорьж байна.   

- Баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.  

相关新闻