АТГ-ын ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгийнхэн зохион байгуулсан сургалтад Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид хамрагдаж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэх албандаа шударгаар хандан ажиллах уриалгад нэгдлээ.
Уг сургалт авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, Эрүүгийн хуульд заасан Авлигын гэмт хэргийн талаар, ХАСХОМ гаргагч нарын гаргадаг нийтлэг зөрчил дутагдлын талаар хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, чадавхжуулах зорилгоор аравдугаар сарын 25-ны өдөр Алтай хотноо зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан АТГ-ын найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж байгаа. Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн ИТХ-ын дарга болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад тус аймагт ажиллах чиг үүргийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө.
Тэд ажиллах хугацаандаа 2018, 2019 онд тус аймагт хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй танилцах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтэд авлигын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулах юм.