АНУ Парисын уур амьсгалын гэрээнээс албан ёсоор гарахаар бэлдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-10-25 11:10:48

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Засгийн газар Парисын уур амьсгалын гэрээнээс албан ёсоор гарахаар бэлтгэж эхэлсэн тухай “The New York Times” сонин эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус сонинд мэдээлснээр, "АНУ дэлхийн дулаарлыг хязгаарлах хүчин чармайлтад оролцогчдын тооноос гарах үйл явцыг эхлүүлэх тухай албан ёсны мэдэгдлийг бэлтгэсэн эсэх” талаар тус улсын Төрийн департаментын төлөөлөгч мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Парисын цаг уурын гэрээнд зааснаар Трампын засаг захиргаа уг хэлэлцээрээс гарах тухайгаа НҮБ-д бичгээр мэдэгдэх хамгийн эхний хугацаа нь 11 дүгээр сарын 4 аж. 


АНУ Парисын уур амьсгалын гэрээнээс гарна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 оны зургадугаар сард мэдэгдсэн билээ.


Энэхүү гэрээг Францын нийслэл хотноо 2015 оны 12 дугаар сарын 12-нд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын 21 дүгээр бага хурлын үеэр баталсан юм. Парисын хэлэлцээрт оролцогчид 2100 он гэхэд дэлхийн агаарын дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеийн үзүүлэлттэй харьцуулахад Цельсийн 2 хэмд хязгаарлахаар тохиролцжээ.


相关新闻