Өвөрхангайд үргүйдлийн үеийн дурангийн мэс заслыг анх удаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Франц улсын Аллиер мужийн Мулан хотын Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ив Шани, эх баригч Марилин Тэувс нар аймгийн БОЭТ-д ажиллаад буцлаа. Тэдэнтэй хамт Улаанбаатар хотын “Өргөө” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар ажилласан юм.
Тав хоног ажиллах хугацаандаа шээс задгайрлын эмгэг, үтрээний булчин чангалах мэс засал, ургийн зүрхний бичлэг, ургийн мөр тээглэх зэрэг оношилгоо, эмчилгээний талаар Франц Улсад өргөн ашиглагдаж буй аргуудаас БОЭТ-ийн эмч нарт заан сургалаа. Энэ үеэр үргүйдлийн үеийн дурангийн мэс засал, шээс задгайрлын үеийн ТОТ мэс заслыг 8 хүнд хийсэн байна.
Ив Шани эмч аймгийн БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын мэдлэг, ур чадвар сайн байгааг үнэлээд гагцхүү дурангийн хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөх шаардлагатайг хэлж байв.