Дэлхийд худалдааны сүлжээнд оролцохын тулд далайд гарцгүй орнуудтай нэгдэх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-13 13:20:35

Монгол Улс дэлхийн худалдааны сүлжээнд оролцохын тулд далайд гарцгүй орнуудтай нэгдэж, бүлэг үүсгэх хэрэгтэй гэдгийг Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБООУСТ)-ын захирал Э.Одбаяр өнөөдөр болсон “Олон талт худалдааны хэлэлцээрүүд ба Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд: Хэлэлцэн тохирогч болон хэрэглэгч нарт зориулсан гарын авлага”-ыг танилцуулах үеэр онцлов.

Далайд гарцгүй хөгжиж байгаа 32 орон байдаг бөгөөд дийлэнх нь буурай хөгжилтэй аж. Эдгээр орнууд бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхийн тулд ихээхэн өндөр өртөг зарцуулдаг тул гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр төрөл цөөн байдаг аж. Тиймээс ДГХБООУСТ-д олон улсын худалдаанд оролцох боломж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлсон ном гаргах хүсэлт ирүүлсний дагуу уг гарын авлагыг бүтээсэн хэмээн Э.Одбаяр захирал хэллээ.

Тэрбээр, “Өндөр хөгжилтэй орнууд гадаад худалдааны чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан байдаг. Гэтэл далайд гарцгүй орнууд туршлагагүй тул томоохон гүрнүүдтэй хэлэлцээ хийхдээ ихэвчлэн ашиггүй гэрээ байгуулдаг. Тухайлбал, Монгол Улс л гэхэд хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээрээ саяхан Япон улстай хийсэн. Энэ бол Монгол Улс гадаад худалдааны чиглэлээр туршлага багатайг харуулж байна. Тиймээс бусад далайд гарцгүй орнуудтай хамтран бүлэг байгуулж, өндөр хөгжилтэй оронд бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээ хийх нь илүү ашигтай. Мөн туршлага ч хуримтлуулна.

Түүнчлэн далайд гарцгүй орнууд гадаад худалдааны чиглэлээр ажиллах хүмүүсээ нарийн мэргэшүүлж, чадавхжуулах хэрэгтэй. Ихэнх буурай орнуудын гадаад худалдааны баг жижиг бүтэцтэй, чадавхи муу байдаг. Тиймээс өнөөдөр танилцуулж байгаа гарын авлага гадаад худалдааны багийг чадавхжуулахад чиглэж байна. Гарын авлагад гадаад худалдааны бүх шатны хэлэлцээний мэдээлэл, стратеги төлөвлөгөө боловсруулах арга замын талаар зөвлөгөө боловсруулж, оруулсан” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻