Мөнгөний нийлүүлэлт 2.5 их наядаар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-14 15:04:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 9 сарын байдлаарх статистик дүнг Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.  

15.5 мянган хүнийг ажилд зуучилжээ

Аймаг, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний 9 сард ажилгүй 58.7 мянган иргэн бүртгүүлээд байна. Харин бүртгэлтэй байсан иргэдээс 15.5 мянга нь ажилд зуучлагдан ороод байна. Нөгөө талаар бүртгэлтэй байсан 47.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдаад байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 6.1 мянгаар, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 мянгаар буурч, ажилд зуучлуулсан иргэд 622 хүнээр буюу 4.2 хувиар өссөн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын эцэст 30.4 мянга болоод байна. Үүнээс 20.4 мянган бүртгэлтэй ажилгүй иргэд, 10 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Манай улсад гадаадын 10.4 мянга иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн тоо 648 хүнээр буюу 6.7 хувиар өсжээ.

Мөнгөний нийлүүлэлт 2.5 их наядаар өсжээ

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн 9-р сарын эцэст 20.4 их наяд төгрөг болоод байна. Энэ нь өмнөх сараас 60.9 тэрбум төгрөгөөр буюу 0.3 хувиар буурч, харин өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр буюу 13.9 хувиар өсөөд байгааг ҮСХ-ны эдийн засгийн статистикч Д.Баасан мэдэгдлээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 9-р сарын эцэст 889.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 35.9 тэрбум төгрөгөөр буюу 3.9 хувиар, өмнөх оныхоос 39.3 тэрбум төгрөгөөр буюу 4.2 хувиар тус тус буураад байна.

ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 9-р сарын эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 105.2 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувиар буурч, харин өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр буюу 11.1 хувиар өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 9-р сарын эцэст 985.6 тэрбум төгрөг болоод байна. Энэ нь өмнөх сараас 3.2 тэрбум төгрөгөөр буюу 0.3 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэ 5.4 тэрбум төгрөгөөр буюу 0.5 хувиар буурчээ. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийг ангилж үзвэл:

  • Ипотекийн зээл 37.1 хувийг,
  • Цалингийн зээл 27.1 хувийг,
  • ЖДҮ-ийн зээл 13.1 хувийг,
  • Хэрэглээний зээл 10.3 хувийг,
  • Тэтгэврийн зээл 6.7 хувийг,
  • Бусад зээлийн үлдэгдэл 5.8 хувийг тус тус эзэлж байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн 9-р сард улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөгдөөгүй байна. Харин өмнөх оны эцэстэй харьцуулбал 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Үүнд, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.6 хувь, согтууруулах ундаа, тамхи 3.6 хувь, бөс бараа, гутал 8.9 хувь, тээвэр 2.1 хувь, орон сууц, ус, цахилгаан хийн болон бусад түлш 11.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 5.3 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. (Монголбанкны мэдээгээр инфляцийн түвшин 8-р сарын байдлаар улсын хэмжээнд 8.9, нийслэлд 10.6 хувьтай байв).

Төсвийн тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарав

Энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 7.7 их наяд төгрөгт хүрч, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.3 их наяд төгрөг болжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гараад байна.

Харин татварын нийт орлого 7 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 1225.1 тэрбум төгрөг буюу 21.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Орлогын албан татвар 371.7,
  • Нийгмийн даатгалын орлого 273.4,
  • НӨАТ 231.9,
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 135.9,
  • Онцгой албан татвар 104.4,
  • Гадаад үйл ажиллагааны орлого 94.9 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻