Дугуйчид зам дагуух хогийг цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хонгор нутгийнхан зочдоо угтаж авдаг, үдэж мордуулдаг Самбартай хөтлийн зүүн, баруун жалга шуудууны хогийг "Хонгорын дугуйчид" клубийнхэн цэвэрлэжээ.
Тус клубийнхэн намрын хаалтын жийлтээрээ Нарийны гүүр хүртэл яваад ирэх замдаа архины шил, ус ундааны сав зэрэг хогуудыг ийнхүү цэвэрлэсэн байна.
"Цэвэр хот" компанийн машин цэвэрлэсэн хогийг ачиж тээвэрлэсэн бөгөөд дугуйчид хэлэхдээ, "Самбартай хөтөлд анхааруулах самбар байрлуулаад, хогийн цэг хийх хэрэгтэй байна. Иргэд маань ч хог тарилгүй, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлмээр байна. Хүн бүр дор дороо хичээж эх дэлхийгээ хайрлан хамгаалах юм" гэдгийг онцолж байв.
Халдварт бус өвчинд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ болж байдаг байна. Тэдгээр нь илүүдэл жин, артерийн даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэдэг аж. Тиймээс дугуй унах нь эрүүл мэнд болон эдийн засаг байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг болохыг дугуйчид мөн санууллаа.





