ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр
ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 6-9-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Тэрээр тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Угур”,
“Нөхөд”, “Азат”, “Зергер интернэшнл” компанийн махны үйлдвэр, “Жайдарман” мах
нядалгааны цехийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг
хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанд оролцов. Хурлын үеэр орон нутгийн
удирдлагууд 2019-2020 онд тус аймгийн хэмжээнд 2 сая 216 мянган толгой мал
өвөлжих урьдчилсан дүн гарсныг, одоогоор мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл
хангалт 86 хувьтай байгааг танилцууллаа.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле цаг агаарын урьдчилсан
мэдээгээр ирэх өвөл цас их орж, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учраас өвс
тэжээлийн нөөцийг сайтар бүрдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн малыг угаалга
туулгалт, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад энэ сарын 20-ны өдөр хүртэл бүрэн
хамруулах, отрын зураглалыг яаралтай гаргах, мал сүргийг ээмэгжүүлэх,
коджуулах, мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг
чанаржуулж ирэх сард Улаанбаатар хотод зохион байгуулах “Идэш” нэгдсэн үйл ажиллагаанд 1000 ширхэг гулууз мах бэлтгэж оролцохыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.