Сүүлийн 100 жилийн хугацаанд барын тоо толгой анх удаа өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /VOA/. Дэлхий дээрх зэрлэг барын тоо толгой сүүлийн 100 гаруй жилд анх удаагаа өссөн үзүүлэлт гарсан нь энэ зэрлэг амьтныг хамгаалах үйл ажиллагаа, хөдөлгөөн үр дүнд хүрч буйг харуулж байна гэж зэрлэг амьтан хамгаалах байгууллагууд мэдэгдэв.
Зэрлэг барын тоо толгой 2010 онд 3200 /түүхэн дэх хамгийн бага/ байсан бол өдгөө 3890-д хүрч өссөн байна гэж Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/ болон Бар хамгаалах олон улсын форум /БХОУФ/ тайландаа дурджээ.
Энэ үзүүлэлт бидэнд итгэл найдвар өгч, Засгийн газрууд, орон нутгийнхан болон байгаль хамгаалагчид хамтран ажиллаж чадваас амьтдын төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах боломжтой гэдгийг харуулж байна гэж ДБХС-гийн ерөнхий захирал мэдэгдэв.
1900 онд дэлхий дээрх барын тоо толгой 100 мянга орчим байсан бөгөөд тэр үеэс хойш барын тоо толгой байнга буурч ирсэн. Харин энэ удаад анх удаа өссөн үзүүлэлт гарч байна гэж зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагууд мэдэгджээ.
Дэлхийн дээрх нийт барын тал хувь нь буюу 2226 нэн ховордсон бар Энэтхэгт нутагладаг байна. Харин өндөрлөг газарт нутагладаг барууд ОХУ, Бутан, Балбад байдаг ажээ.
Уг судалгаанд бага хэмжээний зөрүү байж болзошгүй юм. Учир нь хэд хэдэн орнууд барын тоо толгойг гаргах судалгаанд хамрагдаагүй. Тиймээс боломжит мэдээлэлд үндэслэн судалгааг гаргасан байна.
Дэлхийн зөвхөн 13 оронд л зэрлэг бар амьдардаг ажээ. 2022 он гэхэд барын тоо толгойг хоёр дахин өсгөх зорилтыг байгаль хамгаалах байгууллагууд одоогоос 6 жилийн өмнө тавьжээ.
Д.Нямтулга