“Арвайхээрийн өнгө” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Арвайхээр хотын Захирагчийн албанаас “Арвайхээрийн өнгө” сэдэвт гэрэл зургийн уралдааныг сонирхогчдын дунд зарлалаа.
Гэрэл зурагт хотын өнгө төрх, бүтээн байгуулалт, ард иргэдийн ахуй амьдрал, байгаль цаг агаарын онцлогийг бодитоор, уран дүрслэлтэйгээр буулгасан байх шаардлагыг тавьжээ. Харин архи тамхи, садар самуун сурталчилсан, хувь хүний нэр хүнд, нууцлалд халдсан гэрэл зургийг хүлээж авахгүйг анхааруулсан байна.
Уралдааны товлосон хугацаа хангалттай урт бөгөөд 2016 оны 11 сарын 15 хүртэл хүлээн авах юм. Шалгарсан бүтээлүүдийг Арвайхээр хотын цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, 20-100 мянга хүртэлх мөнгөн шагналаар урамшуулна.
Өвөрхангай аймагт Гэрэл зураг сонирхогчдын холбоо байгуулагдаж, хорвоогийн түмэн амьдралын нэг агшинг цааснаа буулган үлдээх хүсэл сонирхлыг хүүхэд, залууст өвлүүлж байна. Тиймээс энэ чиглэлд чөлөөт цаг заваа зориулах хүмүүсийн тоо багагүй болж байгаа юм.
Өвөрхангай Б.Батчимэг