Нийслэл есөн дэд төвтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-04-11 15:33:02

2017 онд Баянхошуу, Сэлбэ дэд төв ашиглалтад орно хэмээн Хотын дарга Э.Бат-Үүл мэдэгдлээ.

Нийслэлийг есөн дэд төвтэй болгохоор зорилт тавьснаас эхний ээлжинд Баянхошуу, Сэлбийг дэд төв болгох ажлыг эхлүүлжээ.

 Хотын дарга хэлэхдээ, “Нийслэлд есөн дэд төв байгуулах бүтээн байгуулалтад Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк хамтран  320 сая ам.долларын хөрөнгө оруулахаар эхний тооцоог гаргаад байна. Жилийн гаруйн өмнө Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц хангах ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжинд дэд төв болгох газарт байрлалтай оршин суугчдын газрыг чөлөөлж, түр байрлуулах орон сууц барьсан” гэв.

Тухайлбал Сэлбэ дэд төв нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо орчимд, Баянхошуу дэд төв “Жанцан”-гийн өмнө хэсэгт байрлах аж. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 50 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгасан бөгөөд дэд төвийн бүсэд байрлах иргэдтэй зөвшилцөн газрыг нь үнэлэн түр орон сууцад хамруулах юм байна.

Уг төслийн ерөнхий зохицуулагч Л.Сайнтөгс ярихдаа,“Дэд төвийг байгуулахад багагүй бэрхшээлтэй тулгарч байна. Тухайлбал оршин суугчдын  зүгээс газраа хэт үнэлэх явдал гарч байгаа бөгөөд аль болох зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэж байна” гэлээ.

相关新闻