ОХУ-ын бизнес эрхлэгчид Баян-Өлгий аймагтай бизнесийн харилцаагаа өргөжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах
Улсын Экспортыг дэмжих төвийн захирал А.С.Катеш, тус улсын Кош-Агач мужийн
Засаг даргын орлогч А.К.Нурсолтанов тэргүүтэй төлөөлөгчид Баян-Өлгий аймгийн
Өлгий хотод ажиллаж байна.
Төлөөлөгчдийг өнөөдөр аймгийн Засаг дарга
А.Гылымхан хүлээн авч уулзаж санал солилцлоо.
Алтайн Бүгд Найрамдах Улсын Экспортыг дэмжих
төвийн захирал А.С.Катеш уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, ОХУ-ын зүгээс гадаад
худалдааг хөгжүүлэх, экспортыг дэмжихэд онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ
бодлогын хүрээнд Алтайн Бүгд найрамдах Улсад Экспортыг дэмжих төв байгуулсан
бөгөөд цаашид Баян-Өлгий аймагтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа
өргөжүүлэх хүсэлтэй байгааг онцоллоо.
Түүнчлэн төлөөлөгчид цаашид сар бүр хамтарсан
үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Горно-Алтайск хотын Ботаникийн хүрээлэнд
Баян-Өлгий аймгийн оюутнуудыг туршлага судлуулах, сургалт, эрдэм шинжилгээний
бага хурлууд зохион байгуулах, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалыг
хөгжүүлэх, хилийн боомтууд дахь татвар, хураамжуудыг бууруулах асуудлыг хоёр
улсын Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх чармайлт гаргах саналуудыг тавилаа.
Мөн Алтайн Бүгд Найрамдах Улс болон Баян-Өлгий аймагт үйлдвэрлэдэг
бүтээгдэхүүнүүдийг харилцан экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллахыг
хүслээ.
Аймгийн Засаг дарга А.Гылымхан
ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын бизнесменүүдийн тавьсан саналыг хүлээн авч
буйгаа илэрхийлж, цаашид хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ашигтай
бизнес эрхлэх боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.