“Эрүүл энхийн аян"-ыг багуудад зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн
дэд дарга Я.Содбаатар тойрогтоо ажиллаж, “Эрүүл энхийн аян-2019” багуудын
нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна. Түүний тойрогт Өвөрхангай аймгийн
хангайн таван сум багтдаг бөгөөд 30 гаруй багтайгаас 23 нь хөдөөний баг юм.
Тэрээр иргэдэд Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого
шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.
Мөн улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй
үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч байна.
Я.Содбаатар гишүүн хэлэхдээ “2016 онд амласан
амлалтынхаа 90-ээд хувийг биелүүлээд байна. Хархорин суманд гэхэд 320 хүүхдийн
сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийг шинээр барьж, зам гүүрийг
шинэчилсэн. Бат-Өлзий суманд Орхон голын Онгоцтойн-Амны гүүр, Цагаан голын
гүүрийг шинээр барьж байна. Сумын сургууль, ЗДТГ-ын барилгад их засвар хийлээ”
гээд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
Иргэдийн зүгээс Орхон голын сав
газар олборлолт явуулж буй уурхайнуудын үйл ажиллагааг зогсоон Орхон голын
“амь”-ийг аварч байгаа явдалд талархан баярлаж байгаагаа илэрхийлж байв.
Түүнчлэн нутаг дэвсгэрээ тусгай хамгаалалтаас чөлөөлж, бэлчээрийн асуудлыг
шийдвэрлэх, багийн төвийг нэмэх, багийн
төвийн эмч нарыг унаажуулах гэхчлэн олон асуудлаар санал солилцсон юм.
Ташрамд дурдахад, Бат-Өлзий сумын хэмжээнд
энэ жил 1200 малчин өрхийн 345 мянган толгой мал өвөлжих юм. Сумаас 5000 тонн
өвс хадлан нөөцлөөд байгаа бол малчдын 80 хувь нь өвлийн бэлтгэлээ бүрэн
хангаад байгаа аж.