Сутай хайрхан ууланд Онцгой байдлын ерөнхий газрын сургалт болж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-09-23 21:37:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Төрийн тахилгат мөнх цаст Сутай хайрхан ууланд ОБЕГ, Монголын Уулчдын үндэсний холбоо, “Сутайн бор” клубээс хамтран “Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлага” зохион байгуулж байна.

Баруун таван аймаг болох Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн нийт 68 аврагч, мэргэжилтнүүд,13 техник хэрэгсэлтэй, тусгай хөтөлбөрийн дагуу дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна.

ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр нийт бие бүрэлдэхүүнийг ахалж буй бөгөөд МУҮХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Ч.Бат-Эрдэнэ, Сургалт, аюулгүй байдлын хорооны дарга Г.Мөнхжаргал, МУГТ, ОУХМ, зөвлөх багш Т.Гүррагчаа, ”Сутайн бор” клубийн Ерөнхий захирал, Уулын спортын мастер Х.Нямдоо ахлагчтай уулчид хамтран оролцож байна.

Мөн үеэр МУГТ, ОУХМ, Зөвлөх багш Т.Гүррагчаагийн ахалсан нийт 37 аврагч, МУҮХ, ”Сутайн бор” клубийн уулчдын бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 20-ны өдөр Сутай хайрханд  авиралт хийсэн юм.

Сургалт, дадлагад оролцогчид Сутай хайрхан ууланд 2014 онд зохиосон Өндөр уулын авиралтын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний үеэр байгуулсан Хайрханы бэлээс зургаан км-т орших үндсэн отогт байрлаж байгаа тухай уулын спортын  ”Сутайн бор” клубээс мэдээллээ .