Төрийн байгууллагууд салбарын хууль тогтоомжоо сурталчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байх тухай 2007 оны 97 дугаар
зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн
хэлтсээс “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг өнөөдөр Өлгий хотын төв талбайд зохион
байгууллаа.
Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Ө.Хуралайн тайлбарласнаар, уг арга хэмжээ нь УИХ, Засгийн газраас шинээр баталсан хууль тогтоомжуудыг ард иргэдэд
сурталчлах, санал хүсэлтийг нь сонсох зорилготой бөгөөд аймгийн Засаг даргын
эрхлэх асуудлын хүрээний 30 гаруй хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлаг,
төрийн бус байгууллага оролцлоо.
Өдөрлөгийн үеэр төрийн байгууллагууд өөрсдийн үйл
ажиллагаагаа болон салбарын хууль тогтоомжоо олон нийтэд тайлбарлаж сурталчиллаа.
Тухайлбал, аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан
сэргийлэх, Эрүүл мэндийн газраас биеийн найрлагыг тодорхойлох, даралт, биеийн
жин, өндрийг хэмжих үйлчилгээ үзүүллээ. Мөн ард иргэдийн санал, хүсэлтийг хүлээн
авч газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Ташрамд дурдахад, тус өдөрлөгийг 2016 оноос
уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр давхардсан тоогоор 600
гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн байна.