Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэн Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртлээ. Тэрээр Халхгол нутагт байгаа түүх, соёлын дурсгалт 74 газрын байршлыг тогтоон, фото зургаар баталгаажуулан соёлын өвийн мэдээллийн санд бүртгүүлж байсан юм.
Л.Мягмарсүрэн эх оронч хүмүүжил олгох, ахмад дайчдаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Халхголын 80 жилийн ой угтаж ”Тэд бидний төлөө ... Бид тэдний төлөө...” аяныг санаачилж, “Халхын голын зарлаагүй дайн” лекц “Гарамгай баатар Л.Дандар“ 35 мм дэлгэцийн баримтат кино, нүүдлийн үзэсгэлэн, ахмад дайчдын архивын лавлагааг газар дээр нь үзүүлэн Дорнод аймгийн 14 сум, Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар аймагт хүрч нийт 5 мянга орчим км зам туулан 10 мянга гаруй иргэдэд мэдлэг олгож, мэдээлэл түгээжээ.
Мөн Монголын түүх соёлын хосгүй бүтээл “Их бурхант” цогцолборыг сэргээх санаачилгыг анх 1990 онд гаргаж Монгол Улсын Засгийн газарт хандан, анхны малтлага, сэргээн засварлах ажлыг эхлүүлснээр гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан Монголын түүх соёлын хосгүй урлал болсон төдийгүй Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад авч байсан юм.