Аялал жуулчлалын компаниуд "Цэвэр орчин- цэмцгэр Өлгий" болзолт уралдааныг ивээн тэтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт аялал
жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 компани нийгмийн хариуцлагын хүрээнд Өлгий
хотын цэвэрлэгээний ажилд зориулж гурван сая 500 мянган төгрөгийн хандив
өргөжээ.
Аймгийн аялал жуулчлалын холбоо, "Сана" хувь хүний
хөгжлийн төв хамтран "Цэвэр орчин- цэмцгэр Өлгий" сарын аяныг энэ сарын 1-нээс Өлгий хотод
өрнүүлээд байгаа. Аяны хүрээнд аймгийн
төвд бүх нийтийн цэвэрлэгээ, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Хог
хаягдлын хор уршиг" сургалт, цэвэрч баг, гудамж, байр, байгууллага, шилдэг эко
клуб, менежер шалгаруулах болзолт уралдаан зарлах зэрэг ажлууд зохион
байгуулна.
Дээрх аялал жуулчлалын компаниудаас өргөсөн
хандиваар болзолт уралдааны ялагчдыг урамшуулах ажээ.