Монгол-Хятадын Экспогийн үеэр Монгол Улс тэргүүлэх төслүүдээ танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанцав /МОНЦАМЭ/. “Монгол-Хятадын Экспо”-гийн хүрээнд Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ӨМӨЗО-ы Улаанцав хотноо болж, 650 орчим хөрөнгө оруулагчдад Монгол, ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтын орчин, тэргүүлэх төслүүдийг танилцууллаа.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын томоохон 15 төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн 56 төслийг БНХАУ-ын болон бусад улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнээс ХАА, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн 24, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн 3, барилгын материал үйлдвэрлэлийн 5, аялал жуулчлалын 3, хөнгөн үйлдвэрийн 9, уул уурхайн 1, мэдээллийн технологийн 2, усан цахилгаан станцын 1, нийгмийн үйлчилгээний салбарын 6, стратегийн хөгжиж буй салбарын 2 төсөл байлаа.
Мөн үеэр өмнөх буюу 2017 оны Хятад, Монголын Экспогийн хүрээнд түншилсэн 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь худалдаа, хөрөнгө оруулалт, түншлэлийн хамтын ажиллагааг бүс нутгийн хэмжээнд дахин нэг шатаар ахиулах болно хэмээн албаныхан үзэж байна.
Монгол Улс, Өвөр Монголын худалдааны хэмжээ 2018 онд 4.96 тэрбум ам.долларт хүрч, 27 хувиар өссөн. Энэ нь Монгол, Хятадын нийт худалдааны 62 хувийг эзэлж байна. Монгол-Хятадын худалдааны эргэлт 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн. Харин 2020 онд хоёр тал худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.
Үндэсний Хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан: “1990 оноос хойш манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай 14,000 орчим аж ахуйн нэгж байсан бөгөөд үүний 50 хувь нь Хятад улсын хөрөнгө оруулалттай байна. Энэ хугацаанд БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.долларт хүрч, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг эзэлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээр 112 орноос эхний байранд орсон байна. Эндээс харахад хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжиж байна. Энэ оны зургадугаар сард хоёр улсын Засгийн газар Эрээн хот-Замын Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан. Энэ бол Хятад, Монголын анхны эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бөгөөд “Нэг бүс, Нэг зам” санаачилга болон Монгол Улсын “Хөгжлийн зам” стратегийн бодлогыг холбосон чухал алхмуудын нэг болж Өвөр Монгол, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөгөө, хамтын ажиллагааг хөгжлийн бодит суурь болгон хувиргаж байна” хэмээв.
ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Гүн Мин Жүн: “Өвөр Монголын Монгол Улс дахь хөрөнгө оруулалт тогтмол өсөж байна. Энэ оны зургаадугаар сарын байдлаар Монголын 226 төсөлд 19.52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцээр хийсэн. Хятад, Монголын ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, анагаах ухааны технологийн судалгаа, боловсруулалт, цөлжилтийг бууруулах судалгаа, түүнчлэн үйлдвэрлэлийн инкубатор, хамтарсан лаборатори, технологи дамжуулах төвийн төслүүд идэвхтэй дэмжигдэж байна. Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад эерэг ахиц дэвшил гарч, Эрээн-Замын Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлыг бид эрчимтэй дэмжиж ирлээ. Үүний зэрэгцээ ногоон орчин, орчин үеийн мал аж ахуй, орчин үеийн эрчим хүчний эдийн засаг, том өгөгдлийг ашиглах болон боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлийн гол сурталчилгааг нягт хамтран ажиллаж зохион байгуулж байна” хэмээв.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Манай хоёр орон иж бүрэн стратегийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж жилээс жилд нэмэгдүүлэхийг тусгасан байдаг. Энэ хүрээнд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Монгол Улсад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 50 орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд эзэлж байна. Худалдаа эдийн засгийг илүү хөгжүүлэхэд юун түрүүнд хөрөнгө оруулалтын тодорхой салбар чиглэлүүдийг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байна” гэв.
“Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан “Замын Үүд - Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Монгол Улсын “УБЗ Групп” нь “Өвөр Монголын Гадаад Худалдааг Хөгжүүлэх” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулан хэрэгжүүлэх зорилтын хүрээн дэх төсөл, цаашид бүс нутаг болон Монгол Улсын дэд бүтэц, хилийн боомтын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах юм.