Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, Ерөнхий сайдын захирамжийн дагуу “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг улсын хэмжээнд 2019 оны 9, 10 дугаар сард зохион байгуулахаар болсон.
Энэ хүрээнд улсын хэмжээнд ажлын дөрвөн хэсэг гарч хуваарилагдан ажиллаж байгаа бөгөөд Баянхонгор аймагт ажиллаж буй ажлын хэсэгт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн албаны зөвлөлийн Ахлах референт Т.Сосорбарам, Архивын ерөнхий газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч Ч.Лхагвадорж, Архивын ерөнхий газрын Цахим сангийн төвийн эрхлэгч Г.Хонгорзул нар ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн өнөөдөр Баянхонгор аймгийн Төрийн байгууллагын удирдлага менежерүүдтэй уулзаж, үзлэг шалгалт явуулах талаараа тодорхой мэдээлэл өгсөн бөгөөд үргэлжлүүлэн аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, ГХБХБГ-т төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтөд үзлэг шалгалтыг хийлээ.
Ажлын хэсгийнхэн энэ сарын 8-ныг хүртэл Баянхонгор аймагт ажиллаж, нэр бүхий байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтөд үзлэг шалгалт хийхээр төлөвлөжээ.
Дашрамд, Монгол Улсад архивын үзлэг 1960-аад оноос эхэлсэн түүхтэй бол 1990-ээд оноос хуульчилж, улмаар 2009 оноос Төрийн албаны зөвлөл, Архивын ерөнхий газар хамтран улсын үзлэгийг хийдэг болжээ.