Бахамын арлуудад амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-05 12:19:36

НАССАУ. /Washington Post/. Бахамын арлуудад “Дориан” хар салхи дэгдсэний улмаас амиа алдсан хүний тоо 20 хүрсэн талаар Бахамын хамтын нөхөрлөлийн улсын Эрүүл мэндийн сайд Дуэйн Сэндс мэдээлжээ.


Д.Сэндсийн “Washington Post” сонинд мэдээлснээр, “Abaco” арал дээр 17 хүн, “Grand Bahama” арал дээр гурван хүн амиа алдсан ажээ. Бахамын арлуудад хөрсний гулгалт үүсгэсэн хамгийн хүчтэй шуурга хэмээн тооцогдож буй “Дориан”-ы улмаас олон байшин сүйдэж, зарим хэсэгт орон сууцны хороолол тэр чигээрээ усанд автсан байна.


Бахамын арлуудад хар салхи үе үе дэгддэг боловч тавдугаар түвшний шуургад тооцогдож байсан “Дориан” асар их хэмжээний хохирол учруулсан тул нөхөн сэргээхэд цаг хугацаа ихээхэн шаардагдах төлөвтэй байна. Бахамын арлуудын цор ганц олон улсын нисэх буудал бүрэн сүйдсэний зэрэгцээ автозамууд үерийн усанд автжээ.


Abaco”, “Grand Bahama” арлын 60 мянга орчим оршин суугчид хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай байна гэж Дэлхийн хүнсний байгуyллагаас мэдээлжээ. Их Британи, АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин аврах, эрэн хайх ажиллагаанд туслалцаа үзүүлж байна.


Бахамын хамтын нөхөрлөлийн улсын Аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, “Abaco”, “Grand Bahama” арлын зочид буудлууд түр хугацаагаар хаасан бол бусад арлууд жуулчдыг хүлээн авж байгаа ажээ. 

相关新闻