“Эрүүл амьдарцгаая” аян эхлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХүн амынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулсан нэгэн аяныг Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ эхлүүлжээ. “Эрүүл амьдарцгаая” хэмээн уриалсан энэхүү аяны хугацаанд хүн амыг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нь туслах юм байна.
Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бүх төрийн байгууллагын ажилтан, алба хаагч, мөн зорилтот бүлгийн хүн амыг аяны хугацаанд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоонд хамруулна. Хүн амыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх талаар мэдлэг олгох сургалтад хамруулах, мөн төрийн албан хаагчдын дунд явган аялал зохион байгуулахаар аяны хоёр сарын хугацаанд төлөвлөжээ.
Байгууллага бүр алба хаагчдаа оношлогоо шинжилгээнд идэвхитэй хамруулна. Ингэхдээ алба хаагчдын нэрсийн жагсаалт бүртгэлийг Эрүүл мэндийн төвүүдэд урьдчилан өгөх үүрэг хүлээсэн байна. Ажилтан, алба хаагчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, аянд идэвхитэй нэгдсэн байгууллагыг шалгаруулж урамшуулахаар Сайнцагаан сумын ЗДТГ төлөвлөжээ.
Т. Отгонтуяа