Н.Баасанжаргал: Булган аймгийн төв улсын хэмжээний хамгийн цэвэрч хотоор шалгарсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-21 16:48:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн дарга Н.Баасанжаргалтай уулзаж ярилцлаа.

    - Сумын айл өрх бүр хогийн савтай болсон нь их дэвшил болж харагддаг.

    - Өнөө жил хог ангилан ялгах хогийн савыг Булган сумын айлуудад 833 ширхэгийг тавьснаар үндсэн 3000 гаруй айл өрх хог ангилан ялгах савтай болсон.

    - Хог ангилан ялгаад яаж ашиглаж байна вэ?

    - Манайд хогийн цэгт хог ангилан ялгах цехийг 2014 онд барьсан. Туршилтын журмаар ажиллуулж байсан боловч бүтэц орон тоо болон түүхий эдийн бэлдэц муутайгаас энэ ажил урагштай байгаагүй. Өнөө жил бид иргэн С.Сүхбаатартай менежментийн гэрээ байгуулаад хог ангилан ялгах цехээ гэрээгээр ашиглуулж байна. Бид түүхий эдийн бэлдэцийг нь нийлүүлж өгөх үүрэгтэй. Энэ айл өрхүүдээс ангилан ялгаж авсан хогийг тусгай зориулалтын тоноглосон машинаараа түүхий эд аваачиж өгөхөөр тэр хүнтэй гэрээ байгуулаад ажиллаж байна. Цаашдаа бол энэ хүн маань манай цехийн үйл ажиллагааг хэвийн ажиллуулаад хашааны шон, малын хашаа, сандал гэх мэтийг хийхээр ажиллаж байна.

    - Айл өрхүүд хог хэр ангилан ялгаж өгч байна вэ?

    - Яг үнэнийг хэлэхэд айл, өрхүүд хогоо ялгаж сураагүй байсан. Ангилж ялгасан хогийг тусгай машин гараад ачаад эхлэхээр айлууд маань ангилаад эхэлсэн. Одоо бол ангилан ялгалт бол гайгүй болж байна.

    - Аймгийн төв илт цэвэрхэн болсон байна гэж явуулын хүмүүс дүгнэж байна.

    - Аймгийн төв хоггүй цэвэрхэн болсон нь үнэн. Намайг ажил авахаас өмнө цэвэрч хотоор шалгарч байсан юм байна лээ. Намайг ажилд орсноос хойш 2018 онд Монгол Улсын хэмжээнд хамгийн цэвэрч хотоор шалгарсан шүү дээ. Бусад аймагт үлгэр жишээ болохуйц цомхон бөгөөд цэвэрч хот байна гэсэн зорилго иргэдэд маань байгаа.

    - Хогийн цэгийн орчин их цэмцийх болсон харагдана.

    - Хоёр жилийн өмнө Булган хотын тохижилт үйлчилгээний ангийн даргаар томилогдсон. Энэ байгууллагын менежментийг яаж өөрчлөх вэ, хүний хөдөлмөрийг яаж хөнгөвчлөх вэ гэдэгт их анхаарал тавьсан. Байгаль хамгаалах сангийн 75,0 сая төгрөгөөр ландфиллийн хоёр төсөл хэрэгжихээр батлачихсан. Аймаг орон нутгийн төсөвт хөрөнгө нь шийдсэн байсан учир ажлынхаа гарааг эндээс эхэлсэн. Хогийн цэгийн олон жилийн хур хогийг цэвэрлэж дарж устгах ландфиллийн ажлыг 22 га талбайд хийсэн. Үүнийг бусад аймагт ч үлгэр жишээ болохуйц үр дүнд хүрсэн гэж үзсэн. Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймгаас ирж үзэж судалсан.

    - Хогийн цэгийг камерийн хяналттай болгосон байх аа.

    - Хогийн цэг дээр 2 байцаагч сар сараар ээлжилж ажилладаг байсан. Тэр хоёр хүн нь юу хийдэг байсан гэхээр хог тээврийн машиныг бүртгэдэг мөн дүүргэлтийг хянадаг байсан. Хогийн жалгыг хяналтын камертай болгосноор албан өрөөнөөсөө хог ачиж байгаа машиныг бүртгэж хянадаг болсон. Тэгэхээр ачааны дүүргэлтийг мөн харчихдаг учир манай жолооч нар дундуур хог ачих дутуу явах зэрэг асуудал байхгүй. Энэ ажил ерөнхийдөө цэгцэрсэн. Дээр нь иргэд дураараа ил задгай хог хаяхгүй байхад нөлөөлж байгаа.

    Ер нь айл өрхийн хог бол өдөр тутам булгийн ус шиг л гарч байдаг. Хог бол манай байнгын л толгойны өвчин болсон ажлуудын л нэг. Хог тээвэр маань 3000 гаруй өрх 80 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудыг нийлүүлээд хогийг аваад явна гэдэг ачаалал ихтэй ажилладаг.

    - Ногоон байгууламж бий болгоход хэчнээн хэмжээний зардал гаргаж байна вэ?

    - Энэ жил 40,0 сая төгрөг ногоон байгууламжийн зардалд төлөвлөсөн. Нарс модны арчилгаа, зүлэгжүүлэлт, цэцэг тарилт зэрэг ажил хийдэг. Цэцэг бол хүүхэд шиг. 2 сараас эхлээд цэцгээ хүлэмжид тарьж байгаа. Энэ жил хоёр хүнд 10 мянган цэцэг үрслүүлэхээр үүрэг даалгавар өгсөн. Эдгээр цэцэг нь 6 дугаар сарын 20 гэхэд талбайд гарсан байх ёстой гээд 6 сарын 20-ноос хойш зүлэгжүүлэлт хийгддэг. Хамгийн хүнд ажил нь цэцэг. Цэцэг бол анхнаасаа жижигхэн үрээ хийгээд бойжуулах нь 2 дугаар сараас эхлээд л ажил эхэлж байдаг. Тэгээд яг гүйцэд ургах нь 8 дугаар сард байдаг. 8-10 дугаар сар хүртэл Булган хот бол цэцэгтэй үнэхээр гоё сайхан харагдаж байгаа шүү дээ. Нарс усалгаа бол 4 дүгээр сарын 20-ноос эхэлдэг. Харьцангуй өнгөрөгч жил цас багатай цасгүй өвөлжсөн учир услалтан дээр нилээдгүй ач холбогдол өгч ажилласан. Тэгж байж энэ хэдэн модыг ургуулж үндсэн төрхөнд нь оруулж авсан. Сайхан цэвэр цэмцгэр хотод ажиллаж амьдарч байвал сэтгэл тэнүүн хэчнээн сайхан байх билээ.

    - Аймгийн төвд мал бэлчих нь харагддаг. Малчдад арга хэмжээ авдаг уу?

    - Ер нь бол манай ажилчид өдөр нь үндсэн ажлаа хийгээд шөнө нь бол малчин болдог шүү дээ. Сүүлийн үед Булган сумын ЗДТГ анхаарлаа хандуулж хамтарч ажиллаж байгаа. Багийн дарга нар, Булган сумын ЗДТГ-ын ажилчид, манай ажилчидтай хамтраад мал хаших арга хэмжээ авснаар харьцангуй гайгүй байна. Ногоон байгууламж маш өндөр өртгөөр бий болгож байгаа шүү дээ. Энэ ажлыг маань устгачих гээд нилээдгүй зовлонтой. Энэ ажлаа харж хамгаалж үзэмжтэй байлгахын тулд ээлж гаргаж ажиллаж байгаа.

    - Аймгийн төвд шүлхий өвчин гарч малыг хотын бүсээс гаргасан шүү дээ.

    - Сүүлийн үед үхэр орж ирэх нь харьцангуй гайгүй болсон. Манай ажилчид шөнө оройн цагаар адуунд дайруулах цавчуулах мөн эзэдтэй нь нүүр тулж янз бүрийн асуудал гаргах нь нилээд түгээмэл. Одоо харьцангуй гайгүй болж байгаа ч мал хот дотор бэлчсээр л байна. Одоо ч мал хашаатай байгаа.

    - Адууны эзнээс төлбөр авч болох уу?

    - Төлбөр торгууль гэж авдаггүй. Бид хуулийнхаа дагуу ийм төлбөр ноогдуулна гэсэн юм байхгүй. Тэгээд ч иргэн хүн бид нэг нэгнээ таньдаг хүмүүс улаан цагаан төлбөр яриад ийм юм идсэн байна ийм юм сүйтгэсэн байна гээд цаад хүндээ ч өндөр төлбөр гарна. Манай ногоон байгууламж өндөр өртгөөр босч байгаа өндөр өртөгтэй ажил учраас цаад хүндээ ч өндөр өртөг гарч ирнэ. Тэгэхээр хаа хаанаа л хүндрэлтэй дахиж битгий оруулаач гээд гуйж л байгаа.

    - Төлбөр торгууль авах боломжгүй юу?

    - Болохгүй ч юм байхгүй. Зөрчлийн тухай хуулиар зохицуулж болно байх. Ер нь аймгийн төв цэцэрлэгт байнга мал байдаг. Манай ажилчдад л хүндрэл учруулж байна. Нойр хоолгүй цаг наргүй ажиллаж, авч байгаа цалин нь хэд билээ. Хэцүү шүү дээ. 

相关新闻