Баян-Өлгий аймаг ЭЕШ-ын зургаан хичээлээр улсын дунджаас доогуур оноотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-21 11:13:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг ЭЕШ-ын ерөнхий дүнгээр энэ жил аймгуудаас 21 дүгээр байрт орж, өнгөрсөн оныхоос гурван байраар хойшилжээ.

Тус аймгийн сурагчид энэ жилийн шалгалтад дунджаар 478 оноо авсан нь улсын дунджаас 21 оноогоор доогуур үзүүлэлт юм. Үүнээс математик /511 оноо/, орос хэл /538/, физик /524/-ийн хичээлээр улсын дунджаас дээгүүр гарч, улсын хэмжээнд эхний таван байрт, англи хэлний хичээлээр 11 дүгээр байрт тус тус орсон байна. Харин үлдсэн монгол хэл, нийгэм судлал, газар зүй, биологи, хими, Монгол Улсын түүхийн хичээлээр 19-21 дүгээр байрт жагсжээ.

Судалгаанаас харахад, сурагчид монгол хэлний хичээлээр 398 оноо, газар зүйн хичээлээр 422 оноо буюу улсын дунджаас 78-104 оноогоор доогуур үнэлгээ авсан нь ЭЕШ-ын ерөнхий дүн буурахад нөлөөлсөн байна.

Баян-Өлгий аймгийн хувьд ЭЕШ-ын дүнгээр сүүлийн 20 гаруй жил 18-21 дүгээр байрт явж байгаа. Орон нутгийн үе үеийн удирдлага сургалтын чанарыг дээшлүүлэх арга замыг эрэлхийлж ирсэн. Тухайлбал, 2014 онд "Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн талаар баримтлах аймгийн бодлого, чиглэл"-ийг баталж, 2017 онд ЭЕШ-аас дээгүүр оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшид мөнгөн урамшуулал олгохоор журамласан ч үр дүн гарахгүй байна.

相关新闻