"Алтайн хүдэр" компанид албан мэдэгдэл хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-08-19 08:53:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг  "Алтайн хүдэр" компанид орон нутагтай хамтран ажиллах гэрээнд тусгасан заалтуудыг хэрэгжүүлэх, татварын өрийг барагдуулах талаар албан мэдэгдэл хүргүүллээ.

“Алтайн хүдэр” компани 2008 оноос эхэлж Цээл сум дахь Таян нуурын уурхайг ашиглалтад оруулсан бөгөөд 2014 онд Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулсан. Гэвч гэрээнд тусгасан ихэнх заалт хэрэгжээгүй төдийгүй гэрээнд оролцогч талын хамтын ажиллагаа сул байсаар иржээ.

Тухайлбал, 2014-2015 онд Таян нуурын уурхай болон Бургастайн боомт хоорондын 168,3 км авто замыг барьж ашиглалтад оруулах, Баяжмал тээвэрлэлтийн аж ахуйн нэгжийг аймагт бүртгүүлж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Таян нуурын уурхайд ажилладаг бүх ажилтнуудын цалин, түүнтэй адилтгах орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татвар хураамжийг холбогдох хуулийн дагуу аймаг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлэх заалт хэрэгжээгүй аж.

Мөн Говь-Алтай аймгаас мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж, ажлын байраар хангах чиглэлээр “Уулын баяжуулах Таяннуур үйлдвэр” дэх ажлын байрны 25-30 хувийг орон нутгийн ажилтнуудаар бүрдүүлэх асуудал орхигджээ.

Тиймээс аймгийн Засаг дарга наймдугаар сарын 08-ндуг мэдэгдлийг хүргүүлж, дээр дурдсан ажлуудыг есдүгээр сарын 10-ны дотор хэрэгжүүлэхийг шаардсан байна. Хэрвээ хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол нутгийн захиргааны байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тус компанийн үйл ажиллагааг түтгэлзүүлэхээ мэдэгдэв. 

Говь-Алтай аймгийн ЗДТГ нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээг хамтран байгуулж, хариуцлагатай уул уурхайг бий болгохыг зорин ажиллаж байна. 


相关新闻