Шуранганы голд төмөр бетон гүүр барив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/."Өгөөмөр-Өргөө" ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Уянга сумын нутаг, Шуранганы голын Гүнтэн гарамд 45 метрийн урттай бетон гүүрийг барьж, ашиглалтад орууллаа.
Уянга суманд Хүйсийн найман нуур, Өвөрхятруун, Битүүт гээд байгалийн үзэсгэлэнт газар их тул аялагчдын хөл тасардаггүй хүн ам ихээр суурьшсан томоохон сум юм.
Гүнтэн гарамд төмөр бетон гүүрийг барьснаар жуулчид болоод малчид гол усанд саатахгүйгээр шуурхай зорчих боломж бүрдэж байна.
“Энэхүү бүтээн байгуулалт нь орон нутагт аялж амрах хүмүүсийн тоо нэмэгдэх аялал жуулчлал хөгжихөд томоохон хувь нэмэр оруулна” гэж аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж онцолсон бөгөөд сум, орон нутгийнхаа хөгжилд идэвх санаачилга гарган оролцож байдаг хувь хүн, аж ахуйн нэгжүүд олон байгаад талархаж буйгаа илэрхийлэв.